Телевизийн олон ангит “Тусгай салаа” хэмээх кино гарч үзэгчдийг Солонгос сериалаас дутахгүйгээр дэлгэцнээ уяж байсан цаг саяхан. Энэ кинонд ихэвчлэн олны танил бус залуу жүжигчид тоглосон хэдий ч тэд жүжиглэх ур чадвараараа үзэгчдийг байлдан дагуулсан. Тэдний нэг болох чадварлаг тоглолтоороо үзэгчдийн сэтгэлд үлдэж чадсан Түвшин буюу УДЭТ-ын залуу жүжигчин П.Баттөртэй ярилцсан юм.
Дөлгөөн даруухан, боловсролтой, хүнд тусархуу чанараараа үлгэр жишээ болохуйц сайхан дүрийг бүтээж чадсан залуу жүжигчин маань цагийг маш сайн баримтладаг ажил хэрэгч залуу байна лээ. Тэр мөн нялх оддын өвчинд нэрвэгдээгүй хүүхэд зангаараа байгаа нь их таалагдсан юм.
-Сайн байна уу. Таныг Түвшин гэдгээр тань сайн мэднэ. Тэгэхээр та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Танай сонины хамт олон болон уншигчиддаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Намайг П.Баттөр гэдэг. Би УДЭТ-т жүжигчнээр ажилладаг. Хүмүүс ихэвчлэн Түвшин, Түвшин ах гэдэг. Тэр дүрээрээ үзэгчдийнхээ сэтгэлд хүрч чадсандаа баяртай байдаг. Одоогийн байдлаар ажил гээд завгүй гүйгээд байна даа.
-Анх урлагийн замд хэн уруу татав?
-Хамгийн сонин нь манай удамд урлагтай холбоотой хүн байхгүй. Ижий аав хоёр маань тэс өөр мэргэжилтэй улс. Намайг найм, есдүгээр ангид байхад манай сургууль дээр Ч.Чаминчулуун багш ирж тоглолт хийсэн юм. Тэгээд багш маань ээжийн тухай айхтар мундаг монолог уншдаг даа. Би бүр өөрийн эрхгүй огшоод ирсэн. Хүн үгээр, урлагаар хүний сэтгэлийн дотоод утсыг хөндөж, нүдэнд харагдтал уншихад урлаг гэдэг чинь ямар сайхан юм гэж бодож биширч байлаа.
Ингэж мэдрээд урлагийн хүн больё гэж шийдсэн. Урлагийн хүн өөрөөрөө дамжуулж хүмүүст сэтгэлийн их баяр баясгалан, гэрэл гэгээ, сайхан энерги өгч чаддаг юм байна гэж тухайн үед бодож билээ. Ер нь энэ чиглэлээр явъя гэж зориглоод. Яг 10 жилээ төгсөөд шууд очоогүй. Энд тэнд ажил хийж сургалтынхаа төлбөрийг олж байгаад СУИС-д шалгалт өгч тэнцээд орж байлаа.
-Түвшингийнхээ дүрийг яаж олж авсан бэ?
-Би анх мэдээгүй байсан. Манай “Гэгээн муза” гэж болдог шүү дээ. Яг тэр үеэр яваад очсон чинь найруулагч нь “Чи чинь театрын жүжигчин билүү .Чам руу ярьнаа” гээд миний утсыг аваад үлдсэн. Тэгээд би проб өгөөгүй яараад “Гэгээн муза”-руугаа явчихсан юм. Сүүлдээ явж явж гол дүрийнхээ гурван жүжигчний хоёрыг нь олчихсон нэгийг нь олоогүй гэж байнаа. Зохиолч нь Түвшинг тарган махлагдуу, жаахан бойтог болхидуу хүний дүрээр бичсэн байсан.
Харин найруулагч хүний нүд гэж нэг юм байдаг. Тэгээд телевизийн найруулагч Батбаяр намайг дуудсан. Яваад очтол “Энэ залуу чинь шал өөр царайтай, тийм ч туранхай биш бие хаа нь хамаагүй хөгжилтэй юм байна. Энэ чинь тэгээд Түвшин шиг харагдаж чадах юм болов уу” гээд л. Гэтэл найруулагч маань “Үсээ хусуулаад шил зүүгээд ирэхээр болно. Баттөрд итгэж байна. Угаасаа мэргэжлийн жүжигчин хүн үүнийг гаргачих байх. Энэ бол асуудал биш” гээд надад “Чи зөвшөөрөөд театраас чөлөө авч чадвал шууд таван сард гарлаа” гэсэн.
Тэгээд Монгол телевиз манай театртай хамтарч ажилладаг юм байна. Манай театрт хүсэлт гаргасан. Театрын удирдлага зөвшөөрөөд таван сард Түвшин гэдэг цэргийн дүр бүтээхээр явж байлаа. Анх зохиолоо уншихад маш их таалагдсан. Ялангуяа Түвшингийн дүр. Тэгээд дүрээ сайн гаргахын төлөө мэрийн ажилласан. Дүр маань хүмүүсийн сэтгэлд хүрсэнд их баяртай явдагдаа.
-Өөрөө цэргийн алба хаасан уу?
-Ер нь цэрэгт яваагүй шүү. Одоо “Тусгай салаан”-д тоглосноороо бараг цэргийн алба хаасантай дүйцэхүйц их олон юм сурсан. Цэргийн амьдрал гэж ямар байдгийг, цэргүүдийн үзээгүй нарийн ширийн бүх л юмыг ард түмэндээ сайхан зүйл үзүүлэхийг зорьсон. Кино зураг авалтаараа тэр олон сайхан аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн тэнд амьдраад , ярилцаад их сайхан байсан.
Олон хөөрхөн цэргүүд янз бүрийн юм асуунаа. “Та ер нь ямар мэргэжилтэй юм. Ер нь жүжигчнээс өөр мэргэжилтэй юм уу” гээд л. Зураг авалт олон сайхан залуу хүмүүсийн урам зоригоор эрч хүчтэй ороод маш сайхан авч дууссан даа.
-Түвшингийн дүр өөртэй чинь төстэй юу?
-Түвшин чинь сэтгэлийн тэнхээ муутай зарим юман дээр шантраад л хүнд дээрэлхүүлдэг ч гэх юм уу эхнэртээ базуулчихаад байдаг залуу шүү дээ. Тиймэрхүү талаараа бол надтай ямарч төсгүй. Би бол ер нь хэлье гэсэн юмаа ямарч юм байсан шууд л хэлчихдэг шулуун зантай. Ямар нэг юмыг барьж авч эхэлсэн л бол төгсгөлийг нь үзнэ гэж дайрдаг. Амт шимт үр ашгийг нь үзэж байж л салдаг. Тийм ч шантрамтгай биш.
Сэтгэлийн тэнхээтэй. Нэг тийм хүнд тусалчихъя, зөвлөчихье гэдэг тэр дотоод чанар бол төстэй. Гэхдээ гадаад харагдах байдал бүх юм нь тэс өөр. Хүмүүс хараад “Энэ нөгөө Түвшин ах мөн үү? Биш биш” гээд бооцоо тавьчихсан ч явж байх шиг, “Үгүй энэ чинь стиллэг их залуухан юм байна. Тэр чинь хөгшин соёлтой, хараа муутай гээд л” хажууд нь сонсоод явж байхад нүүр улайтал ярьж байгаа юм биш үү. Зарим нь ирээд ‘Та Түвшин ах мөн үү?” гэдэг.
“Биш ээ биш хүн андуурчээ” гэхээр хүмүүс дуу хоолойгоор таньдаг юм шиг байгаа юм. Намайг ингээд сахал үсээ тавиад шил зүүгээд явахаар ер таньдаггүй. Би саяхан сахал тавьж байгаад авчихаад хууз үлдээсэн. “Ганган Төгс” гээд түүхэн киноны пробонд ороод санал асуулгад орчихсон явж байгаа. Тэгээд сахал үсээ тавих шаардлагатай болчихоод байж байлаа.
-Дүрээ бүтээхэд хамгийн хэцүү нь юу байсан бэ?
-Түвшин маань тамхи татдаг. Би харин тамхи татдаггүй мөртлөө тамхи татах хүндрэлтэй байсан л даа.
-Гэнэт олны танил болох ямар байна?
-Би спорт сонирхон хичээллэдэг. Ер нь жүжигчин хүн болгон урлагаар дамжуулан хүмүүст сайн сайхан бүх зүйлийг хүргэнэ. Тиймээс дотоод, гадаад аль ч талаараа энгийн сайхан байхыг хүсдэг. Манайхан “Энэ од биеэ тоочихсон, зиндаархуу” гэх зэргээр ярьдаг. Надад бол тийм зан байхгүй. Тэгэхийг ч хүсдэггүй. Ямарч хүн таарсан Баттөр гэдэг хүнээрээ нээлттэй байхыг хичээдэг.
Тэр хүн ямарч байж болно. Сайн муу нь хамаагүй архи уучихсан хүн хүрч ирээд “Та тэр мөн үү” гэх зэргээр ярихад аль болох тэр хүний эвийг олоод, сэтгэлд нь муу юм үлдээчихгүйгээр харьцаад явуулах юмсан гэж бодох юм. Урлаг гэдэг нийгмийн толь шүү дээ. Тэр утгаараа жүжигчин хүн ч гэсэн нийгмийн толь. Залуучууд маань одоо “Тийм жүжигчин шиг харагдахыг хүсч байна. Яг түүн шиг болно” гэж ярьдаг учраас чадах чинээгээрээ залуус дүү нартаа үлгэр дууриал болж явахыг хичээдэг.
Урлагийн хүн болно гэдэг нэг талаараа хэцүү мэргэжил. Хамаагүй задгай байж болохгүй. Яг өөрийнхөөрөө байх гэхээр баригдмал, хүмүүс тэрүүгээр нь ойлгохгүй. Ер нь асар их хариуцлага ирж байгаа гэж ойлгож байна. Тиймээс бүх талаараа өөрийгөө хөгжүүлж их зүйл бүтээж телевиз, тайзны олон сайхан бүтээлээр ард түмэнтэйгээ учирч байхыг бодож зорьж явна.
Манай үзэгчдийн шалгуур өндөр. Ялангуяа манай монголчууд хэр баргийн юм сэтгэлд нь хүрдэггүй. Тийм болохоор тэр айхтар шалгуурыг давж явна гэдэг хэцүү.
-Одоо киноны санал хэр их авч байна?
-Ирсэн ирсэн. Монгол телевиз эмчийн тухай 60 ангит сериал хийж байгаа юм билээ. Тэгээд тэр киноны эмч залуугийн дүрд тоглооч гэж санал болгосон. Сериал маань хэцүү, маш их цаг хугацаа шаарддаг. Ажил их завгүй тулгамдуу байгаа болохоор тэр киноны саналаас татгалзаад өөр жүжигчин олж өгсөн.
Эмчийн дүрийг бүтээвэл үзэгчдэд маань сайхан л байх байсан болов уу. Яахав тэгээд хүсч байсан ч их ажилтай байсан болохоор чадаагүй. Өөр киноны саналууд ирж байгаа. Зохиол нь ямар байна уншиж үзээд таалагдах уу үгүй юу гэдгээ үзнэ.
-Аймаар муухай сөрөг дүрийн санал ирвэл тоглоно биз?
-Дуртай хүлээж авна. Жүжигчин хүний ур чадварыг шалгасан, намайг эвдсэн дүр байх учраас өөрийгөө сориод үзнэ. Манай багш нар ярьдаг юм. “Жүжигчин дүр голох биш дүр чамайг голно” гэж. Бага гэлтгүй ямарч дүрийг амьдруулаад ард түмнийхээ сэтгэлд үлдэж чадвал ямар сайхан байх билээ. Ер нь аль болох сонирхолтой содон дүрийг бүтээх юмсан гэж бодно шүү.
Одоо өөр нэг кинонд тоглох гэж байна. Миний энэ явах гэж байгаа дүр бол Түвшин ахаас тэс ондоо хүний дүр. Нэлээд сэргэлэн овжин залуугийн дүр. Үзэгчдэдээ барьж байгаа миний бэлэг бол дэлгэцийн бүтээл байх болно.
-Нууц биш бол энэ тухайгаа тодруулж ярина уу?
-Товчхон хэлбэл нэг ангитай кино байгаа. Нээх их задлаад яахав. Сюрприз чигээрээ байж байгаад ард түмэндээ хүргэнэ. Зураг авалт эхэлчихсэн. Монголд цөөхөн зураг авалттай. Ихэнх зургийг нь гадаадад авна. Үйл явдал нь гадаадад өрнөх юм. Манай Монголын янз бүрийн мэргэжилтэй cop болсон залуучууд нь гадаадад гараад явчихдаг.
Эх орон гэдэг юунаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг харуулж байгаа. Тэр сэдвийг хөндсөн сайхан бүтээл болох байх гэж бодож байна.
-Өөрөө зөвхөн Монголдоо л байхыг хүсдэг үү?
-Харин тийм. Зөвхөн Монголдоо л амьдрахыг хүсдэг. Эх орон гэдэг юугаар ч сольшгүй. Надад жүжигчний мөрөөдлөөс өөр бас юм хийж хүмүүст туслаж байхсан гэсэн хувийн мөрөөдөл байдаг. Залуу хүн учраас цаашид төлөвлөсөн зүйл их байна. Эхнээс нь авахуулаад хийж эхэлж байгаа.
-Ханьтай болж амжсан уу?
-Одоохондоо ханьтай болж амжаагүй байна. Хүмүүс асуудаг юм. Найз бүсгүйтэй болж байна уу гээд л. Хаана ч билээ нэг сэтгүүл дээр намайг арай хэтрүүлээд биччихсэн байсан. Бүр арай хэтэрхий гомдмоор. Юу юу гэж билээ дээ хүүхнүүд араас чинь их гүйдэг үү ч гэх шиг арай л хэтрүүлээд бичсэн байсан. Тухайн үедээ яриа аваад явсан.
Хүн сэтгэлээсээ илэн далангүй сайхан ярилцаж байхад сурвалжлагч илүү дутуу юм нэмж хачирлаад хэтрүүлж болохгүй. Яахав янз бүрийн сенсаци дэгдээж PR-aa боддог юм уу. Тэгдэг юм шиг байна. Ер нь хүмүүс чинь хүний мууд дуртай тэр талаасаа PR-aa бодож байж болно л доо. Гэхдээ л тэр бүхний чинь цаана хүн байгаа гэж бодож байх хэрэгтэй. Тэр хүнийг хүмүүс янз бүрээр ойлгоно.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com
СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:
Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...