Wednesday, August 24, 2011

Надад байгаа бүхэн амьдралаас минь өгсөн хамгийн том бэлэг

“Надад байгаа бүхэн амьдралаас минь өгсөн хамгийн том бэлэг”

Энэ удаагийн Хобби буландаа “Шинэ үе” продакшны жүжигчин, МУСТА Г.Ундармааг урьж ярилцлаа.

-Энэ өдрийн мэнд хүргэе. Ажил ихтэй байна уу?
-Баярлалаа. Уншигчиддаа хамтлагийнхаа зүгээс дэлгэр сайхан зуны мэндийг дэвшүүлье. Шинэ үеийн маань “Гайхалтай юм болжээ” ээлжит шинэ тоглолт эхлээд гурав хонож байна. Үзсэн үзэгчид сэтгэл хангалуун гарч байгаа.


-Хоббиг та юу гэж ойлгодог вэ. Зарим хүмүүс тухайлбал, Б.Лхагвасүрэн гуай “Илүү зан” гэж өөрийнхөөрөө хөрвүүлсэн байдаг. Таны хоббиг сонирхвол?
-Энэ хорвоо дээр хоббигүй хүн гэж байхгүй болов уу. Эд материалын ч бай хийсвэр ч бай хүн бүхэн өөр өөрийн хоббитой гэж боддог. Хобби гэдэг нь хүн, хүний сэтгэл дэх сонирхол, зугаацах дуртай зүйл юм болов уу. Тэрнээсээ таашаал авч өөрийгөө баярлуулдаг байх л даа. Би ч Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлснээр илүү зан ихтэй хүн байх аа.


Хөтөлж дууссан тэмдэглэлийн дэвтэр, сувинерийн сандал, сэтгүүл цуглуулах дуртай. Сандал гэхэд 50 орчим бий. Мөн сүүлийн 12 жилийн турш хөтөлсөн тэмдэглэлийн дэвтэр байгаа. Тэр ч бүү хэл, 1986 онд Олон улсын хүүхдийн “Найрамдап” зусланд амарч байхдаа хөтөлж байсан дэвтэр маань ч байдаг.

-Яагаад заавал сандал гэж?
-Дэлхийн алдартай загвар зохион бүтээгчдийн зохион бүтээсэн сандлуудын тухай мэдээлэл уншиж сонирхдог байсан. Яг тэр сандлуудын жижиг хувилбарыг нь дэлгүүрт харсан. Тэгээд л цуглуулж эхэлсэн дээ. Сандалыг сандал биш сэнтий гэдгээр нь ойлговол илүү утга төгс илэрхийлэгдэх болно.

-Амьдралаас авсан хамгийн том бэлэг тань?
-Өнөөдөр надад байгаа бүхэн амьдралаас минь өгсөн хамгийн том бэлэг. Энэ бэлэгнүүд надад хязгааргүй таалагддаг.

-Хошин урлат зүтгэснээр таны амьдралд эерэг бөгөөд сөргөөр нөлөөлсөн зүйл байдаг уу?
-Энэ гэгээлэг урлагаас миний амьдралд сөрөг гэхээсээ эерэгээр нөлөөлсөн зүйл их байгаа. Өөрийн дуртай мэргэжлээрээ сайхан хамт олны дунд байж ажлаа хийнэ гэдэг чинь бүх л сайн сайхны эхлэл шүү дээ.

-Хэрвээ та жүжигчин болоогүй бол?
-Жүжигчин болно гэж багаасаа мөрөөддөг байсан. Аав намайг эмч юм уу, инженер болгоно гэдэг байсан л даа. Гэхдээ үнэхээр жүжигчин болоогүй бол сэтгүүлч болох байсан байх аа. Учир нь би багадаа хүн болгоноос янз бүрийн юм асуугаад л явдаг байсан санагдана.

-Таньд нэг тэнэг ч гэмээр асуулт тавья. Хэн нэгэн хүн танд асар их хэмжээний мөнгө өгье, оронд нь мэргэжлээ тэр чигт нь орхи гэвэл?
-Яг хэдийг өгөх юм бол доо. (инээв) За за тоглосон шүү. Эвгүй л юм. Гэнэт нэг хүн гарч ирээд их мөнгө өгье гээд байвал. Авахгүй ээ.

-Сүүлийн үед продакшнууд залуу уран бүтээлчидтэй хамтрах болж?
-Энэ нь нэг талаас цус сэлбэж, уран бүтээлээ цэнэглэж байгаа хэрэг. Нөгөө талаас тэдэнтэй хамтран ажилласнаараа бид үргэлж залуу байж, тэдэнд ч мэддэг чаддаг зүйлээ сургаж байна. Уран бүтээл болоод уран бүтээлчдийн хувьд их чухал зүйл.

-Жүжигчид чин хүслээ янз бүрээр хэлдэг. Таны хувьд?
-Үзэгчдийн халуун алга ташилт хүсдэггүй жүжигчин байхгүй. Гэхдээ энэ бол тухайн жүжигчний ур чадвар хийгээд уран бүтээлдээ зориулж буй чин сэтгэлээс шууд хамаарна. Бидний ажлыг хэн нэгэн том дарга биш үзэгчид л шүүдэг. Үүгээрээ л сайхан. Магадгүй Ундраа хэн бэ гэдгийг тоглолт үзэхээр ирсэн танхим дүүрэн үзэгч шүүдэг болохоор миний мэргэжил илүү үнэ цэнэтэй санагддаг.

-”Шинэ үе”-ийнхний бусад продакшнаас ялгарах онцлог нь?
-”Шинэ үе”-ийнхэн бусдаас шинэлэг юм хийе, хүмүүсийн дуугарч байгаагүй дууг гаргая гэж зорьж ажилладаг. Амьдралд байдаг л сэдвийг тухайн хүнд өөрт нь мэдрүүлж, хар бараан, сайн муу зүйлийг томруулж харуулахыг хичээдэг. Түүгээрээ ч бусдаас ялгардаг байх. Манай хамтлагийн хувьд уран бүтээлээ нэлээд шигшиж, хийдэг. Тоглолтоос маань дэлгэрсэн олон шинэ үг амьдрал дээр хүмүүсийг хөгжөөж байгааг сонсоод урамшдаг. Тэр үгс нь бурхны сургаал шиг биш ч хүмүүсийн стрессийг тодорхой хэмжээгээр тайлж өгдөг гэж боддог.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk