Wednesday, October 26, 2011

Монголын хүн ам 2015 онд гурван саяд хүрнэ

Монголын хүн ам 2015 онд гурван саяд хүрнэНҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон Үндэсний статистикийн хороо өнөөдөр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр “Нью-Йоркийн цагаар энэ сарын 31-н, Улаанбаатарын цагаар ирэх сарын 1-нд дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрэх тооцоо гарсан. Одоогоор дэлхийн хүн ам секунд тутамд 10 орчим шинэ хүнээр нэмэгдэж байна” гэв.

НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Аржентина Матавелл энэ үеэр хэлэхдээ  “Дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрч байгааг яагаад ингэж дэлхий нийтээрээ анхаараад байгааг юуны түрүүнд тайлбарлах хэрэгтэй юм. Хүн ам өсөхийн хэрээр зарим улс оронд өлсгөлөн, ядуурал маш их нэмэгдэж байна. Тиймээс бид хүн амын өсөлтөөс илүү тухайн улс, орны иргэдийн амьдралын чанар, амьжиргааны түвшинг дээшлүүлэх тал дээр чухалчлан анхаарах хэрэгтэй болоод байгааг сануулж буй хэрэг юм. Дэлхийн аль хэсэгт тэгш бус хуваарилалт их байгаа талаар судалгаануудыг явуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд явуулсан олон төрлийн судалгаануудаас дүгнээд үзвэл тухайн орны хүн амын өсөлт нь гэр бүл төлөвлөлтийн бодлоготой шууд холбоотой байна.

Өөрөөр хэлбэл, хөгжилтэй орнуудад төрөлт харьцангуй буурч, ажиллах насны иргэдийн тоо цөөрч, хөгжиж байгаа болон хөгжил буурай оронд төрөлт нэмэгдэж улмаар тус улсын иргэдэд ажлын байр төдийлөн хангалттай биш байна. Тиймээс ч залуу гэр бүлүүд, залуучуудын шилжилт хөдөлгөөн их байсаар байгаа. Үүний зохистой харьцааг бий болгохын тулд улс орон эдийн засгаа нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй байна. Мөн дэлхий дахинаа эмэгтэйчүүдийн боловсролд ихээхэн анхаарах хэрэгтэйг судалгаанууд харуулдаг. Учир нь боловсролтой ээж нь гэр бүл төлөвлөлт болоод хүүхдээ эрүүл, сайн иргэн болгон төлөвшүүлэх тал дээр илүү ухаалаг хандаж байна” гэв.

Тэрбээр Монгол орны нөхцөл байдлын тухай ярихдаа “Монгол хүн ам цөөтэй учир төрөлтийг дэмжих бодлого барих нь зөв юм. Гэхдээ төрөлтийг дэмжихээр нийгмийн чухам аль хэсэгт энэ байдал нэмэгдэж байгааг нарийвчилсан судалгаа явуулах ёстой. Тодруулбал төрөлтийг хэт дэмжин, нийгмийн эмзэг давхаргынхан олон хүүхэд төрүүлж эхлэхээр тухайн гэр бүлүүдэд хүүхдээ эрүүл, боловсролтой болгож өсгөхөд илүү их асуудал тулгамддаг. Тиймээс нийгмийн бусад салбар буюу боловсрол, ажиллах хүч зэрэг олон зүйлийг давхар шийдэж байж тооцоо судалгаатай төрөлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дахин хэлэхэд зөв зохистой хүн амын өсөлтөд эмэгтэйчүүдийн боловсролын асуудал маш чухал гэдгийг хэлмээр байна. Охид, эмэгтэйчүүдийн боловсролыг нэмэгдүүлснээр гэр бүлээ зөв төлөвлөж, өөрөө хэзээ хүүхэд төрүүлэхээ шийдэх, төрүүлсэн хүүхдээ эрүүл, боловсролтой, сайн иргэн болоход анхаарч чадах юм” гэлээ.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Дэлхийн амын өсөлт, Монголын хүн амын өсөлтийн талаар судалгаануудыг танилцуулсан юм. Тус судалгаануудаас үзвэл, дэлхийн хүн ам 2099 онд 10 тэрбумыг давах гэнэ. Мөн дэлхийд гэр бүл төлөвлөлтийн хувьд 1960 оны үед эцэг, эхчүүд дунджаар тав орчим хүүхэдтэй байдаг байсан бол одоо энэ тоо 2.5 болсон байна. Монголын хувьд ч энэ тоо ойролцооо гарч байгаа юм. Дундаж наслалт, дэлхийд 69 байгаа бол Монголд 68.1 байна.

Хэдийгээр дэлхий дахинаа төрөлт буурч байгаа  гэж судалгаануудад дурьддаг ч амьд төрөлт нэмэгдэж, өвчлөл буурч, дундаж наслалт нэмэгдэж байгаа нь дэлхийн хүн ам сүүлийн үед нэмэгдэх гол үндэс болж байна гэж судлаачид үзэж байна. Монгол орны хувьд сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдсэн ч 2015-2016 онд гурван сая дахь иргэнээ хүлээн авна гэсэн тооцоог Үндэсний статистикийн хороо гаргажээ.

2 comments:

Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:

Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...

jkhkhk

jnkhjk