Кино бүтээхэд оролцож, дэлгэцээр л уулздаг жүжигчдийнхээ дэргэд зогсч үзэхсэн гэж уншигч Та хүсдэг үү? Би ийм хүсэлтэй явдаг хүмүүсийн нэг. Харин саяхан энэ хүслээ биелүүлж "Захиалгат инээд", "ТАКТ" медиа продакшн, МҮОНТ-ийн хамтын уран бүтээл "Амьдралд тавтай морил" телевизийн олон ангит уран сайхны киноны зураг авалтад оролцсон юм.
Тэгэхдээ Хан-Уул дүүрэгт амьдардаг залуу хос Билгээ, Маралаа хоёрынд очив. Байрных нь гадаа Болдоогийн улаан машин зогсоно. Гэрийн эзэн Билгээ Европ уруу жүдогийн олон улсын тэмцээнд оролцохоор явсан болохоор ганцаараа үлдсэн Маралаад хань болохоор Болдоо, Ганаа хоёр иржээ. Болдоо дуу хөгжим сонирхдог Саруул гэх охинд дурлаж, шаггүй дуучин болсон бол Ганаа амьдралын ухаан сууж, өмнөхөөсөө илүү бодлоготой нэгэн болжээ.
Харин Болдоогийн зохион байгуулсан зугаалгын үеэр Ганаа зурамны мах идэж, ходоод нь хэд хоног хямарсан бол Маралаа шумууланд хазуулж бүх бие нь загатнасаар угтав. Намайг ороход Болдоо гэдэсний эм гэж андуураад Ганаад сэрэл өдөөгч бэлдмэл уулгачихсан, бас Маралаа шумууланд хазуулсан нуруундаа Ганаагаар тос түрхүүлж таарсан.
Ингээд л эднийд бөөн будлиан, хөгтэй явдлууд ундарч эхэллээ. Ганаа найзынхаа эхнэр рүү өөрийн мэдэлгүй дайрч, би ч дундуур нь орж салгах гэж үзэв. Мэдээж Маралаа спортоор хичээллэдэг болохоор Ганаад тийм амар дээрэлхүүлэхгүй...
Энэ бол сүүлийн хоёр сарын турш үзэгчдийг байлдан дагуулж буй "Амьдралд тавтай морил" инээдмийн олон ангит киноны 59 дүгээр ангид гарах хөгтэй явдлуудын нэгээхэн хэсэг. Энэ бүхнийг сэтгүүлч миний бие киноны эвлүүлэг хийж байгаа чадварлаг мэргэжилтнүүдийг дүрс, хөгжим, дууг нэгтгэх явцад нь харсан хэрэг. Эвлүүлэгчид киноны нарийн чимхлүүр ажлыг гүйцэтгэдэг хүмүүс.
Тэд гол дүрүүдийн эвгүй байдалтай гарсан хэсгийг хасч, эвтэйг нь эвлүүлдэг. Арын албаныхнаас "Жүжигчид хэр их засч янзлах ажил егч байна" гэхэд "Манай жүжигчид гайгүй ээ" гэж даруухан хариулсан. Үнэхээр ч үзэгчид киноноос баяр баясал авч, жүжигчид, найруулагчид нь олны хайртай уран бүтээлч болоход арын албаныхан л ард нь даруухнаар үлддэгийг бид мартах учиргүй.
Эвлүүлгийнхэнтэй адил даруухан ч киноны хувьд үүрэг нь тийм ч даруу бус хүн бол зохиолч. "Амьдралд тавтай морил" киноны зохиолыг Ж.Оргил гэх 20 гаруй насны залуу бичжээ. Түүний уран санаагаар кино бүтэж, үзэгч түмнийг баясгадаг. Зохиолыг бичихэд киноны найруулагч Д.Баярсайхан, продюссер Г.Мөнхжаргал, гол дүрийн жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ гээд олон хүн санал бодлоо хэлж, тусалжээ.
Тэдний яриа "Зураг авалтаа лоунждаа хийх үү", "Хөдөө авбал зардал хэр гарах бол", "Билгээ, Маралаа хоёрт үндэсний хувцас өмсүүлбэл ямар вэ", "Золоог дурлалт залуу нь тоохгүй байх нь зөв үү, буруу юу" гэх зэргээр өрнөнө. Энэ яриа киноны 65 дугаар ангийн тухай ажээ. Зохиол хэлэлцэж байхад дэргэд нь байсны хувьд уншигч Танд багахан нууц дэлгэхээр шийдлээ.
"Амьдралд тавтай морил" уран сайхны киноны 65 дугаар ангид Төгсөө, Билгээ, Ганаа, Болдоо, Золоо гээд гол дүрүүдийн нөхөрлөл эхэлсний 20 жилийн ой тохионо. Найзууд цуглаж нөхөрлөлөө дурсана. Төгсөө баярын үдэшлэгт амьдралынхаа төлөвлөгөөг биелүүлж байгаадаа сэтгэл хангалуун ирэх бол Билгээ Европт болсон олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж мөн л баяр хөөртэй ирнэ. Мэдээж түүний дэргэд хайртай хань Маралаа нь бий.
Харин Ганаа амьдралыг таньсан, бас ч үгүй аятайхан бүсгүйтэй дотносчихсон яваа бол Болдоо дуучин болж бие даасан анхны тоглолтоо хийгээд амжчихсан байна. Золоогийн хувьд тэр л ганцаараа нөхөрлөлийнхөө тэмдэглэлт ойгоор ганцаардана. Эндээс Золоогийн ангиуд эхэлж байгаа юм. Золоо дараагийн ангиудад хайр дурлалтайгаа учирч, аз жаргалаа олох нь дамжиггүй. Уншигчдад энэ талаар мэдээлж болох эсэхээ мэдэхгүй нь.
Гэхдээ киноны цаашдын үйл явдлыг ахлах ангид сурдаг дүү минь мэдэх аваас ихээр баярлана гэдгийг л төсөөлж чадах байна. Тиймээс киноны үйл явдлыг урьтаж мэдээлсэндээ кино багийнхнаас уучлалт хүсье.
Кино урлагийг хамтын бүтээл гэдэг. Жүжигчний тоглолт, зураг авалт нь киноны 40 хувийн гүйцэтгэл гэгддэг бол үлдсэн 60 хувийн ажлыг монтажны хэсгийнхэн хийдэг байна. "Амьдралд тавтай морил" киноны арын албанд 30-аад хүн ажилладаг. Үүнд, нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч, зураглаач" жолооч, тогооч гээд олон хүн багтана. Гол, туслах дүрүүд нийлээд энэ кинонд 200-гаад жүжигчин тоглосон гэж киноны найруулагч Д.Баярсайхан хэлсэн. Их хүн, их хүч шүү.
"Яг жилийн өмнө 80 ангит инээдмийн кино хийхээр төслөө бичиж байлаа" хэмээн тэр хуучлав. "Кино хийхээр ярьж байхад их л хол санагдаж байсан" гэж ярих нь олон ангит кино хийх хэчнээн хэцүү ажил болохыг илтгэнэ. Ингээд "Амьдралд тавтай морил" киноны найруулагч Д.Баярсайхантай ярилцсанаа хүргэе.
Д.Баярсайхан: Зургаан кино хийх хөрөнгө зарцуулчихаад байна
-2004 онд "Захиалгат инээд" хамтлаг тайзны анхны тоглолтоо хийсэн. Тэр үед бид Монголын анхны инээдмийн олон ангит кино хийе гэж ярилцсан юм. "Эзэнгүй айл"-аас өөр олон ангит кино гараагүй байсан цаг л даа. Харин солонгос кинонууд ид хүчээ авч байлаа. Ингээд зураг авалтаа эхлүүлсэн ч хөрөнгө мөнгөгүйн улмаас бүтэлгүйтсэн. Энэ удаад долоон жил хүлээсэн киногоо дуусгаж байгаадаа баяртай байна. Киноны гол зангилаа нь нөхөрлөл, хайр юм.
-Монголын түүхэнд 80 ангит инээдмийн кино хийсэн баг байхгүй. Манай кино инээдмийн төрөл жанраа байнга хадгалж ирсэн. Инээдээ ч хэтрүүлээгүй. Амьдралын цагаан инээдийг л харуулж байгаа. Бид шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн сураг сонссон байсан юм. Тэр үед нэлээн шахуу ажиллаж байсан л даа. Ангиудаа тавхан хоногийн өмнө телевизэд өгдөг байлаа. Бензин 1300 төгрөг орчим байхад тэр ангийг хийсэн юм. Байгаа оносон таамаг гэж хэлмээр байна. Тэр ангийг гарсны дараа хүмүүс "Та нар киногоо өглөө нь хийгээд орой нь телевизээр гаргадаг юм уу" гэж асууж байсан шүү.
Манай киноны бас нэг ондоон зүйл нь эхнээсээ төгсгөл хүртлээ орооцолдсон үйл явдал гаргалгүйгээр гол дүрүүдээ бүлэг болгон хуваасан шийдэл. Тэгэхээр үзэгчид "Өмнөх анги дээр юу гарлаа" гэж толгойгоо гашилгахын оронд "Машин засдаг Болдоо дуучин болчихлоо. Одоо зурагчин Золоо яах бол" гэж боддог.
-Нууц биш бол энэ кинонд хэр хэмжээний хөрөнгө зарцуулав?
-Одоогоор бүрэн хэмжээний зургаан уран сайхны кино хийх хөрөнгө зарцуулаад байна. Танай сониноор дамжуулж хөрөнгө оруулагчдадаа баярласнаа илэрхийлье. Гэхдээ манай кинонд "улаан цайм" сурталчилгаа гардаггүй. Анх төсөв босгохоор компаниудаар явж байхдаа "Энэ бараа гоё, худалдаж аваарай" гэж чадахгүйгээ шулуухан хэлсэн. Мэдээж амьдрал баялаг болохоор бараа бүтээгдэхүүн нүдний өмнө харагдах ёстой. Энэ бүхнийг урнаар зохиолдоо шингээж ажиллаж байна даа.
Мөөжиг, Манлай хоёр манай "Захиалгат инээд" хамтлагийн жүжигчид. Г.Эрхэмбаяр, Э.Ууганбаяр нарын хувьд дүр нь тэднийг сонгосон юм. Энэ зун тэдэнд их олон киноны урилга ирсэн. Аргагүй 80 ангитай кинонд ажиллаж байгаа болохоор уягдах шиг боллоо. Харин эмэгтэй жүжигчнээ их хайсан. Монголын киночид эмэгтэй жүжигчдээ булаацалдаад хэцүү байдаг юм. Үнэнийг хэлэхэд чадвартай залуу эмэгтэй жүжигчин ховор. Олон ч жүжигчинтэй уулзсан. Сүүлдээ энгийн хүмүүс дунд ч хайсан. Ингээд О.Дөлгөөнийг олсон. О.Дөлгөөн даалгавраа сайн биелүүлж байгааг үзэгчид харж байгаа байх.
-Дахиад 80 ангит кино хийнэ /инээв/. Тоглосон юм. Хүн байна даа, киногоо дуусгаад долоо хоног амаръя даа. Харин дараа нь бүрэн хэмжээний уран сайхны кино хийнэ. Одоо бүрдүүлсэн багаараа инээдмийн өнгө аясаа хадгалсан кино хийх санаатай. Магадгүй "Амьдралд тавтай морил" киноны үргэлжлэл ч байж болно. Мэдээж өөр цаг хугацаанд, өөр үйл явдал гарна.
-Сүүлийн үед олон кино төрж байна. Үүнд та хэрхэн ханддаг вэ?
-Сайхан өрсөлдөж л байна. Ингэж байж л хөгжинө. Түүнээс "Муу кино гарч байна", "Театрууд киног шалгууртай гаргах хэрэгтэй" гэх зэргээр гоочлох шаардлагагүй. Сураг сонсох нь ээ 30-40 кино нээлтээ хийхээр хүлээгдэж байгаа гэсэн. Хэдхэн жилийн дараа жамаараа шүүгдэх болно. Үзэгчид хэний киног үзэхээ сонгож чадна шүү дээ.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com
СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:
Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...