"Амьдралд тавтай морил" кино багийнхан www.amidraldtavtaimoril.mn сайтаараа дамжуулж үзэгчдээс санал авч эхэлжээ. Нэгэн нууц задлахад, үзэгчид Золоог хүнтэй суулгах дургүй гэдгээ илэрхийлдэг гэнэ шүү. Тэгвэл эрэгтэй үзэгчид цөөрнө гэж тайлбарласан байна. Ингээд Золоогийн дүрийг бүтээж буй залуу жүжигчин О.Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа.
-Киноны үргэлжлэл болох Золоогийн ангиудыг үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Золоод амьдрал ямар бэлэг зэхээ бол?
-Юуны өмнө энэ сайхан сонинг уншиж байгаа нийт уншигчдадаа мэнд дэвшүүлье. Намайг Дөлгөөн гэдэг. 20 настай. "Амьдралд тавтай морил" телевизийн инээдмийн олон ангит киноны Золоогийн дүрийг бүтээх гэж чадан ядан хичээж байна. Манай кино 80 ангиа тус бүр 16-аар нь таван гол дүрдээ хуваасан бүлэг болон гарч байгаа. Одоогоор миний дүрийн ангиуд үлдчихээд байна. Үзэгчид Болдоогийн тухай үзэж дууссан.
Миний ангиуд гэрэл гэгээтэй, хайр дурлалын тухай өгүүлэх болно. Золоо бол юугаар ч дутагддаггүй охин. Сайн ээж, аав, сайхан найзуудтай. Хүссэн ажлаа хийдэг. Харин түүнд нэг л зүйл дутагддаг. Гэхдээ юу дутагдаад байгааг өөрөө ч мэддэггүй. Тэр багаасаа хөвгүүдтэй найзалдаг байсан болохоор эрэгтэй хүнийг хайрын харцаар харж байгаагүй. Хүн хорвоог ганцаараа амьдарч туулдаггүй болохоор хүнд хайр сэтгэл хэрэгтэй гэдгийг Золоо ухаарч, хайр сэтгэлтэйгээ учрах нь амьдралаас түүнд өгөх хамгийн том бэлэг юм даа.
-Золоо бол орчин цагийн охидын төлөөлөл. Түүний хайр сэтгэл хэр адармаатай вэ?
-Золоо охин ухаантай, мэргэжилдээ чадварлаг. Мэдээж хайртайгаа учрах үед нь олон сонголт гарч ирнэ. Ямар сонголт гарч ирэхийг үзэгчдэд нууц хэвээр үлдээе.
-"Амьдралд тавтай морил" кинонд эсрэг дүр байдаггүй. Энэ кино нийгэмд ямар үүрэг гүйцэтгэж байгаа гэж бодож байна?
-Киног анхнаасаа үзэгчдийг ядраахгүй байхаар хийсэн. Бид хэтэрхий ачаалалтай нийгэмд амьдарч байна шүү дээ. Замын түгжрэл, хотын утаанаас эхлээд оюун ухаанд бухимдал ноёрхож, ажилгүйдэл, архидалт нийгмийг бараантуулж байна. Манай кино 40 минут үргэлжилдэг. Үзэгчид энэ хугацаанд инээд хөгжилд умбан, оюунаа амрааж чаддаг нь киноны гол үүрэг.
-Би СУИС-ийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Надад ийм сайхан кинонд тоглох боломж олдсонд баяртай байна. Олны сэтгэлд нийцсэн сайхан кино хийж байгаа кино багийнхандаа баярлалаа. Гудамжаар явахад хүмүүс "Золоо байна шүү дээ. Гоё кино болсон. Баяр хүргэе" гэж урам хайрладаг. Энэ бүхнээс эрч хүч авч дүрээ сайн бүтээхийг хичээж явна.
-Зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй явдлаас хуваалцахгүй юу?
-Үзэгчид санаж байгаа байх. Миний хамгийн хүнд зураг авалт усанд нүцгэн ордог зураг байсан. Сүүлд нь цаасан хайрцгаар биеэ халхлаад явах хэрэгтэй болдог. Энэ хэсгийн зургийг авахуулах үнэхээр хэцүү байсан. Гэхдээ одоо бодохоор хөгжилтэй санагддаг. Айж байсан ч усанд орохын өмнө "хэдхэн л хором зогсчих" гэж өөртөө хэлсэн. Зураг авалтыг өглөөний долоон цагт хийсэн болохоор ус их хүйтэн байсныг одоо ч санадаг. Би бас их унтамхай. Манай кино шөнө, өдөргүй зураг авах шаардлагатай болохоор нойроо жаахан харамладаг даа.
-Золоо, Дөлгөөн хоёрт ялгаатай зүйл хэр олон байгаа вэ?
-Би Золоо шиг олон эрэгтэй найзтай, эршүүд охин биш. Бусдаараа бол Золоотой адилхан. Ер нь би эрэгтэй, эмэгтэй ялгаагүй олон найзтай байхыг хичээдэг. Хүнд аль болох аятай, эвтэй ханддаг. Дүр бүтээнэ гэдэг том зүйл. Тиймээс би чин сэтгэлээсээ Золоогийн дүрийг бүтээж байгаа юм. Чухам ямар дүр бүтээж байгааг үзэгчид шүүх байх.
No comments:
Post a Comment
Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Таны бичсэн сэтгэгдэлд удахгүй хариу үлдээх болно.
Хүндэтгэсэн: mc_nyam88@yahoo.com
СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ ЗААВАР:
Сэтгэгдлээ бичээд Comment as: гэдгээс Name/URL гэдгийг сонгоно
Name дээр нэрээ бичээд URL дээр ямар нэгэн өөр веб хуудасны хаягыг оруулан Continue дарна
Ингээд Post Comment -ийг дарна...